From: www.dailynews.mn
Related: Scholarship | Scholarship Information
Монгол залуусаа тэтгэлэгт хамруулж, дэлхийн жишигт хүрсэн боловсролтой болгохыг зорьдог
Огноо: Thursday, August 28 @ 01:26:51 GMT+8
Сонин: П.ЭНЭБИШ
-”Тэтгэлэгт боловсрол төв” гадаадад тэтгэлгээр сурах бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг-
Гадаадад суралцахыг хүсч буй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор “Тэтгэлэгт боловсрол төв”-ийн тэргүүн Г.Дариймаатай уулзаж ярилцлаа.
-”Тэтгэлэгт боловсрол төв”-өө юуны өмнө танилцуулахгүй юу?
-Манай төв нь оюутан сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг сайн дурын байгууллагуудын тусламжтайгаар гадаадад тэтгэлгээр сургах зорилготой сайн дурын Төрийн бус боловсролын байгууллага юм. Энэ хүрээнд Монголын болон гадаад орнуудын бүхий л тэтгэлгүүдийн талаар үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг. Ерөнхийдөө өөрсдийгөө хөгжүүлэх, гадаадад суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдэд гадаадын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, яаж хамрагдах талаар зөвлөгөө өгч ажилладаг.
“Тэтгэлэгт боловсрол төв” маань байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд боловсролыг дэмжье гэсэн сангууд, байгууллагуудын шугамаар олон тооны Монголын оюутан сурагчид, ажилтан албан хаагчдыг тэтгэлгээр сургаад байна.
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах, яаж бэлдэх талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ талын мэдээллийг манай төв дээр ирээд авах бүрэн боломжтой.
-Яагаад ийм төв байгуулах болсон бэ?
-Би оюутан байхдаа тэтгэлэг их сонирхож судалдаг байсан. Тэр үед гадаадад сурах боломж хайсан ч энэ талаар зааж зөвлөөд өгөх газар олдоогүй юм. Гэтэл сургуулиа төгссөнийхөө дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас жил бүр 500 гаруй хүүхдийг тэтгэлгээр сургадагийг мэдээд их харамсч байлаа. Надтай адилхан бодолтой залуус зөндөө байгаа. Тиймээс залуу үедээ туслахыг хүссэн.
-Танай төвөөс бүх төрлийн тэтгэлгийн талаархи мэдээлэл авч болох нь ээ?
-Ерөнхийдөө тэтгэлгийг таван төрөлд ангилж үздэг. Тодруулбал, Засгийн газрын, Элчин сайдын яамдын, Соросын сан, Жайка гэх мэт олон улсын байгууллагуудын, Олон улсын тэтгэлэгт байгууллагуудын гэж ангилдаг.
Манай байгууллагад гэхэд л 1400-гаад тэтгэлгийн мэдээлэл байна. Бид одоогоор 15 сайн дурын байгууллагатай хамтран ажилладаг. Тэтгэлгээр сурах боломж хаана байна тэр бүгдийг үргэлж хайж эрж байдаг даа.
-Тэтгэлэгт хамрагдахад хамгийн гол шалгуур юу байдаг вэ?
-Тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлттэй байдаг. Гэхдээ 100 хувийн тэтгэлэг үү эсвэл хувь заасан тэтгэлэг үү гэдгээсээ хамаараад шалгуур нь өөр, өөр байдаг. Мэдээж 100 хувийн тэтгэлэг хамгийн их шалгууртай.
Хамгийн гол нь хэлний мэдлэг байдаг. Ямар ч оронд очсон тухайн орныхоо хэл дээр хичээлээ ойлгох түвшинд байх ёстой.
Мөн өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан байх шаардлагыг тавьдаг.
Бас нэг чухал зүйл нь эссэ байдаг. Эссэ нь тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг тодорхойлдог учраас ихэнх сургууль эссэ бичүүлдэг. Аль ч сургууль дээрх гурван шалгуурыг голчлон үздэг. Эдгээрээс гадна нийгмийн идэвхийг харуулсан шагнал, урамшуулал зэрэг шалгуурууд ордог.
-Гадаадад сурах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй мэдээлэл өгөхөөс гадна өөр ямар дэмжлэг үзүүлдэг вэ?
Үнэхээр гадаадад сурах сонирхолтой, чадвартай хүүхдүүдийг бид дэмжиж ажилладаг. Манай байгууллага гадаадын сургуулиудтай холбоотой байдаг учраас тэтгэлэгт хамрагдах материалыг нь үнэ төлбөргүй явуулах зэргээр дэмждэг. Сая гэхэд л 30 хүний материалыг байгууллагаасаа зардлыг нь даагаад үнэ төлбөргүй явуулсан. Уг нь нэг материал явуулахад 50 ам.доллар төлдөг. Цаад сургуулиуд нь материалуудыг зургаан сарын хугацаанд уншиж танилцан шалгаруулдаг.
-Танай төвөөс мэдээлэл авч буй оюутнууд гол төлөв ямар улс руу явж байна?
-Тайвань, Солонгос руу 100 хувийн тэтгэлгээр нэлээд олон хүүхэд явуулсан. Ер нь хүүхдүүд ихэвчлэн Англи, Америк руу явах сонирхолтой байдаг. Гэхдээ Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ гэсэн улсууд тэтгэлэг их зарладаг. Манай төвийн хувьд он гарсаар 80 гаруй хүүхдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулаад байна.
-Одоо ямар тэтгэлэг зарлагдаад байгаа вэ?
-Ер нь ихэнх тэтгэлэг есөөс зугадугаар сарын хооронд зарлагддаг. Одоо дандаа 2009 оны тэтгэлгүүд зарлагдана. Одоогоор Солонгос улсын МОКРО “National University”-д 50-100 хувийн тэтгэлгээр сурах боломж байгаа. Солонгосын баруун эргийн далайн эрэгт оршдог. Судалгааны томоохон төвүүдтэй, улсын томоохон сургуулиудын нэг юм. Магистр 70, бакалавр 50 хувийн тэтгэлэг зарлаад байна. Солонгосын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахын тулд дүнгийн голч нь 95 хувиас дээш бол шууд үнэ төлбөргүй суралцах боломжтой. Энэхүү тэтгэлгийн хугацаа есдүгээр сарын 8-нд дуусна. Амжиж бүртгүүлэхийн тулд 50888838 дугаарын утсаар холбогдож болно. Мөн АНУ-ын эссэний уралдаан зарлагдчихсан байгаа.
Түүнчлэн Тайванийн “Nanhua University”-д 50-70 хувийн тэтгэлэг зарлагдчихсан байна. Тус сургууль нь Тайванийн өмнөд хэсэг болох Chiayi мужид байрладаг. Нийт 54 гаруй мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг. Магистрын зэрэгт 70, бакалавр зэрэгт 50 хувийн тэтгэлэг зарлаад байгаа. Ирэх сараас ихэнх тэтгэлэг зарлагдана.
-Танай Англи хэлний сургалтуудын онцлог юу вэ?
-Манай төв Монголын боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан учир Англи хэлний сургалтаа дандаа тэтгэлэгтэй явуулдаг. Жил бүр 20 хүүхдийг IBT TOEFL-ийн нэг жилийн сургалтадаа үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ тэтгэлэг маань хавар зарлагддаг.
-Англи хэлнийхээ тэтгэлэгтэй сургалтыг тодруулбал?
-Англи хэлний сургалтадаа хоёр том тэтгэлэг зарлачихсан байгаа. Ер нь тэтгэлэгт хамрагдахад IBT TOEFL, англи хэлний ярилцлага хоёр голлодог. Тиймээс100 хувь гадаад багштай хагас жилийн сургалтадаа 50 хувийн тэтгэлэг олгож 195 ам.доллаар хагас жил сурах боломж олгоод байгаа.
Мөн IBT TOEFL-ийн хагас жилийн сургалтадаа 50 хувийн тэтгэлэг зарлаж 250 ам.доллар болгосон. Бид оюутан залуусаа зорилготой сургахыг зорьдог. Зорилготой сургах нь их үр дүнтэй байдаг.
-Хичээлээ ямар арга барилаар заадаг вэ?
-Манайх сайн дурын байгууллага учраас гадаадад төгссөн ур чадвар сайтай гадаад багш нар ихтэй. Бид хичээлээ тусгай боловсруулсан төлөвлөгөөний дагуу явуулдаг. Ерөнхийдөө англи хэлний зургаан чадвараар хичээллэнэ. Үүнийхээ дагуу зургаан төрлийн ном боловсруулж өгдөг. Ажлын таван өдөр хичээллээд бямба гариг бүрт суралцагчдаасаа шалгалт авч түвшинг нь тогтоодог. Хүн өөрийгөө ямар түвшинд явааг байнга мэдэх хэрэгтэй байдаг. Ингэвэл илүү үр дүнтэй байдаг.
-Англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүн танай төвд хэр удаан сурч байж ТOEFL өгөх хэмжээнд хүрэх бол?
-Хамгийн гол нь төлөвлөгөөтэй үзээд байвал нэг жил сурахад болно. Нэг цогц программаар, байнгын давталттай үзэх нь үр дүнтэй. Манай сургалтууд гэхэд л суралцагчдадаа үг цээжлүүлэхдээ хэрэглээний үг, ТOEFL-ийн, гүнзгий гэх мэтээр дандаа системтэй заадаг.
-Гадаадад сурахыг хүсч буй оюутан залуустаа зөвлөгөө өгвөл?
-Оюутан сурагчдаа та нар өөрийгөө хөгжүүлэн, хэлийг маш өндөр түвшинд сурч, өдөр бүр мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхвал гадаадад 100 хувь тэтгэлгээр сурах боломж байдаг юм шүү. Тухайн хүн чадвартай тохиолдолд таны энэхүү чадварыг үнэлэх, цаашид гадаадад сургах маш олон тэтгэлгүүд зарладаг байгууллагууд байдаг. Тиймээс бүх зүйл зөвхөн танаас л шалтгаална.
Гадаадад ажиллах боловсон хүчин болж явах биш мэдлэг чадвараа үнэлүүлэн, олон орны хүмүүстэй өрсөлдөж тэтгэлгээр суралцан, сурсан мэдсэнээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна. Бидэнд тийм боломж бий гагцхүү бид тэрхүү амжилтад хүрэхийн тулд залхуурахгүйгээр асар их хөдөлмөрлөх л хэрэгтэй шүү гэж захимаар байна.
Мэдээллийг нийтлэгч нь Daily News
http://www.dailynews.mn
Вэб дээрхи хаяг:
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=18611
Related: Scholarship | Scholarship Information
September 4, 2008 at 9:07 am
Ene tuv haana bairladag yum boloo, holboo barikh utas bn uu
September 5, 2008 at 6:20 am
lavlahaas utasdaad l asuuchihdiinshdee